2019/02/07

Эгэл шонхор

Эгэл шонхор
Өвөр Монгол: Начин
бусад нэр: Нугасч начин

Биологийн ангилал зүй
Анги:
Шувуу (Aves)
Баг:
Шонхортон (Falconiformes)
Овог:
Шонхорынхон (Falconidae)
Дэд овог:
Жинхэнэ шонхорынхон (Falconinae)
Төрөл:
Шонхор (Falco)
Зүйл:
Эгэл шонхор
Шинжлэх ухааны нэр
Falco peregrinus
Мармадюк Танстелл, 1771 он

Эгэл шонхор (Falco peregrinus) нь шонхорынхон овогт хамаарна. Эгэл шонхор нь дэлхий даяар хамгийн түгээмэл тархсан шувууны төрөл бөгөөд антарктидаас бусад бүх тивд байдаг. Эгэл шонхор нь хаданд үүрээ засан, өндгөө дарах ба уулархаг газар болон эгц хясаа бүхий тэнгисийн эрэг хавиар ихэнхдээ нутаглана. 

Эгэл шонхор бол дээд зэргээр мэргэшсэн шувууны ʺанчинʺ бөгөөд түүний идэш бараг л ганцхан шувуу байх ба энэ нь жижгээс дунд зэргийн биетэй шувуудыг агаарт агнана. Ан хийхдээ маш өндрөөс шунган нисэх бөгөөд энэ үедээ 322 км/цаг[1] хүртэл хурдлах чадвартайгаараа манай гарагийн хамгийн хурдан амьтан юм.

Хортон шавж устгах пестицидийн улмаас тоо толгой нь ихээхэн цөөрсөн, үүнээс нь шалтгаалан хот сууринд нүүлгэн шилжүүлж зүйлийн тоог буцаан өсгөж чадсан зэргээс нь шалтгаалан дэлхийд хамгийн сайн мэдэх махчин шувууны зүйл болжээ. 

Гадаад төрх

Бие гүйцсэн эгэл шонхорын биеийн дээд хэсэг бүхэлдээ гүн хөх-саарал өнгөтэй байдаг. Биеийн доод хэсэг буюу хэвлийн хэсэг нь цагаанаас халиун дэвсгэр өнгөн дээр бараан өнгийн хөндлөн судалтай, эрүүний доод хэсэг болон цээжин бие нь өөр өөр өнгөтэй байх ба энэ хэсэгтээ үл мэдэг эсвэл маш тод толбо юм судалтай байна. Энэ зүйлийн онцлог шинж чанарт гүн хар өнгийн хацрын судал нь цайвар өнгийн хоолой орчмоос ялгарах ялгаа юм. Нүдний солонгон бүрхэвч нь бараан хүрэн, хошууны зэтэр, нүдний гархи, хөл нь шар, сарвуу нь хар өнгөтэй.

Хүйсийг өнгөөр ялгах аргагүй хоорондоо төстэй бол харин биеийн хэмжээгээрээ хоорондоо илэрхий ялгагдана. Жижигхэн биетэй эрэгчин нь 35 сантиметр урт бие, 79 сантиметр дэлгэсэн далавчны урттай байхад харьцангуй том биетэй эмэгчний биеийн урт 51 сантиметр, дэлгэсэн далавчны урт 114 сантиметр байна. Төв Европ дахь эрэгчин эгэл шонхрын далавчны урт нь 289–334 миллиметр, биеийн жин нь 550–750 грамм байхад эмэгчний далавчны урт нь 339–375 миллиметр, биеийн жин нь 740–1300 грамм байдаг. Эгэл шонхор нь Falco зүйл дотроо идлэг шонхор, цагаан шонхор хоёрын дараа ордог гурав дахь том биетэй зүйл юм.

Эгэл шонхрын нисэж буй үеийн харагдах байдал нь шонхрын ерөнхий дүр төрхтэй ба том толгой, хүчирхэг бие, харьцангуй урт гурвалжин хэлбэртэй үзүүртэй далавч, дунд зэргийн урттай сүүлтэй.

Тархац ба амьдрах орчин

Эгэл шонхор нь антарктидаас бусад бүх тивд байдаг. Мөн түүнчлэн ихэнх арлын бүлгүүдэд байх ба зөвхөн Кариб, Шинэ Зеланд, Исландын арлууд дээр л байдаггүй. Үүгээр эгэл шонхор нь дэлхий дээрх хамгийн түгээмэл тархсан шувуунд тооцогдоно. Энэ зүйлийн дэлхий даяар тархсан шалтгаан нь түүний амьдрах орчны шаардлага өндөр биш байдагтай холбоотой бөгөөд тэдэнд өндгөө дарах аюулгүй газар, агнах шувуу ихтэй чөлөөтэй агаарын орон зай байхад л хангалттай юм.

Эгэл шонхор тархсан дийлэнх бүс нутаг дэвсгэрт тэд хадан хавцалтай газрыг өндөглөх газраараа сонгоно. Битүү ой эсвэл томоохон хэмжээний хадан хавцалгүй задгай газрыг үржлийн газраар сонгох нь зөвхөн Төв ба Зүүн Европ, Умард Америкийн баруун хойд хэсэг, Австралийн зарим нутагт тохиолдох бөгөөд ийм газрыг сонгосон бол ихэвчлэн махчин шувууны үүрийг ашиглах эсвэл модны хөндийд үүрээ засдаг.

Ангаа отож буй эгэл шонхор

Дэлхийн олон оронд, ялангуяа Европ, Хойд Америкт эгэл шонхор шувууд сүүлийн хэдэн арван жилд өндөр байгууламжийг "хиймэл хадан хавцал" болгон амьдрах болсон. Тэнд шонхор шувуудын дуртай олз болох оронгийн тагтаа (хөхвөр тагтааны (columba livia) гэршүүлсэн хэлбэр) ихэвчлэн олноор олддог нь үүнд нөлөөлсөн гэж үздэг.

Үржлийн бус цагаар болон өвлийн улиралд эгэл шонхор нь ангуучлах шувууд элбэг байх бүх төрлийн газарт амьдрах ба үүний жишээнд далайн эрэг болон том намгархаг газар орно.

Ангуучлах онцлог

Эгэл шонхор нь зөвхөн задгай агаарт ан хийдэг шувуу юм. Чөлөөт агаарын орон зайд нуугдах боломж үгүй тул хамгийн дээд хурдаараа гэнэдүүлэн авладаг байна. Энэ үед олз нь хариу үйлдэл үзүүлэх маш богино хугацаа үлддэг байна. Тэдний авлах хоёр аргын нэг нь өндрөөс босоо чигт дайрах нөгөө нь отож суугаад нам дороос ангуучлах аргуудтай.

Эгц өндрөөс ангуучлахдаа тойрон нисэж түүний доогуур нисэж буй олзоо ажиглана. Хэрэв олзоо товлосон бол шунган нисэх ба ингэхдээ далавчаа хумин, зөвхөн эрхий хурууны далавчаа чигээ өөрчлөн зална. Эгэл шонхор өндөр хурдтайгаар ангаа цохин унагах ба маш хурдтай байсан тул цохилтын дараа олзоо өнгөрч нисэх ба дараа нь тойрон буцаж нисэн ирдэг. Олзны шувууд түүний цохилтод ихэвчлэн үхэх боловч заримдаа үхээгүй байвал буцан ирэн нугасыг нэг л хазан хөнөөдөг байна. Эгэл шонхрын ирж буйг мэдсэн шувууд маш хурднаар тойрон нисэж эхэлдэг. Энэ үед шунган ирж буй эгэл шонхор өндөр хурднаасаа шалтгаалан тэрхүү тойрог хөдөлгөөнийг дагах чадваргүй байдаг учраас энэ тохиолдолд ихэнхдээ ангуучлах нь амжилтгүй болдог. Эгэл шонхор нь шунган нисэхдээ маш өндөр хурдтай бөгөөд энэ талаарх мэдээнүүдэд дээд хурд нь 300 км/цаг гаран, зарим ховор тохиолдолд 400 км/цаг[2][3][4] хүрч байхыг бүртгэсэн байна.

Нам дор газраас отож байгаа ангуучлахдаа олзны ангаа араас нь бага зэрэг доор байрлалтайгаар хөөдөг. Эгэл шонхор нь шулуун нисэж байхдаа бусад бүх шувуудыг гүйцэх чадвартай бөгөөд ингэж агнахдаа олзны үхлийн өнцөгт буюу сохор өнцөгт нь нисэж ойртоод санамсаргүй байхад нь агнадаг юм. Хэрвээ олзны шувууд эгэл шонхрын дайралтыг эрт мэдэх аваас тэдэнд амьд гарах боломж харьцангуй их. Жижиг шувууд (жишээ нь хар тодол) бол эгц доош огцом унах бол, арай том биетэй тагтаа мэтийн шувууд нь богино зайд огцом чигээ өөрчлөн нисэх бөгөөд энэ үед эгэл шонхор тийм ч хурдан нислэгийн чигээ өөрчилж чаддаггүй тул хоосон хоцордог байна. 

Идэш хоол

Тагтаагаар хооллох эгэл шонхор

Эгэл шонхор нь гол төлөв жижиг болон дунд зэргийн биеийн хэмжээтэй шувуудаар хооллодог. Түүний агнадаг шувуудын хамгийн хүнд жинтэй нь 500 грамм орчим бөгөөд энэ жингийн шувуудад ойн тагтаа эсвэл хар хэрээ зэрэг орно. Дийлэнх олзны шувууд нь харьцангуй хөнгөн жинтэй байна.

Ямар зүйлийн шувууд тэдний олзонд багтах нь тухайн бүс нутагт тархсан шувуудаас хамаарна. Эгэл шонхрын хамгийн найдвартай агнах арга барил нь хол зайд шулуун нисэх юм. Зуны улиралд голцуу оронгийн тагтаа, хот суурин газар болон хадат тэнгисийн эргээр бол хотын тагтаа, хөхвөр тагтаагаар хооллодог. Хавар, намрын улиралд нүүдлийн шувуудыг агнах ба ялангуяа хөөндэй, хар тодол зэрэг шувууд үндсэн идэш тэжээлийг нь бүрдүүлнэ. Тэнгисийн эрэг орчмоор амьдрах эгэл шонхрууд захлай, далайн шовшуур зэргийн усны шувуудыг агнана. 

Бүрэнхийн хонгор багваахай
(Nyctalus noctula)

Эгэл шонхор нь үдшийн бүрийн тасартал ангуучлах бөгөөд бүрий тасрангуут идэвхтэй болдог сарьсан багваахайн нэгэн зүйл болох бүрэнхийн хонгор багваахайг агнадаг ба энэ нь тэдний агнадаг цорын ганц хөхтөн амьтан юм.

Том хотуудын шөнийн гэрлийг эгэл шонхор бас ашиглах ба шөнөөр нүүдэллэж буй түнжүүрийнхэн, хиазынхныг (жишээ нь усны түнжүүр, тариан түнжүүр, буурал хомноот) бас агнадаг.

Нөхөн үржихүй

Эгэл шонхор нь нэг настайдаа буюу 9 сартайгаасаа эхлэн бэлгийн бойжилт нь гүйцдэг. Нийлэгт орохоос зургаан долоо хоногийн өмнөөс эрэгчин нь эмэгчиндээ олз авчирч өгч эхлэх бөгөөд энэ үеэс эхлээд эмэгчин нь идэвхтэй олз хайдаггүй.

Эгэл шонхор нь бусад шонхруудын нэгэн адил үүр засдаггүй. Хаданд үрждэг шувууд нь хадны нөмөр эсвэл хонгилд болон бусад хаданд үүрээ засдаг том шувуудын орхисон үүрийг (жишээ нь хон хэрээ) ашиглана. Модонд үрждэг шувууд махчин шувуудын орхисон үүр, дэглий эсвэл хон хэрээний үүрийг ашиглана. Дөрөвдүгээр сарын дундаас тавдугаар сарын эхэн хүртэл өндөглөнө. Ихэнх тохиолдолд 3–4 өндөг (ховор тохиолдолд 1–5 өндөг) гаргадаг. Өндөг нь нэлээд бөөрөнхий хэлбэртэй, хэмжээ нь 51 × 41 мм, жин нь 39–48 грамм байдаг. Өндөг шар дэвсгэр өнгөн дээр маш шигүү улаан эсвэл бор шаргал толботой учир холоос харвал нэг л бор өнгөтэй мэт харагддаг. Өндгөө дарах хугацаа нь 34–38 хоног байна.[5] Дэгдээхэйнүүд 42–46 хоногийн дараа нисэж эхэлдэг. Нисэж эхэлснээс хойш 4–6 долоо хоног эцэг, эхийнхээ эзэмшил нутагт байгаад дараа нь замаа хөөнө. Эгэл шонхор нь 15  хүртэл насалдаг, хамгийн өндөр насалсан тохиолдол нь 18 настай болсныг тогтоосон байдаг.[6]

Тоо толгой

Олон Улсын Байгаль Хамгаалах Нийгэмлэгээр нийт популяцийн тоог 10.000–100.000 бодгаль гэх ба үүнийг тогтвортой тоо гэж үздэг. Энэ зүйл нь анхааралд өртөхөөргүй гэж үнэлэгддэг.

Ном зүй

  • Thomas J. Cade, James H. Enderson, Carl G. Thelander und Clayton M. White: Peregrine Falcon Populations. Their management and recovery. The Peregrine Fund, Boise, Idaho, 1988, ISBN 0-9619839-0-6.
  • R. Altenkamp, P. Sömmer, G. Kleinstäuber, C. Saar: Bestandsentwicklung und Reproduktion der gebäudebrütenden Wanderfalken Falco p. peregrinus in Nordost-Deutschland im Zeitraum 1986–1999. Vogelwelt 122, 2001: S. 329–339.
  • Urs N. Glutz von Blotzheim, K. M. Bauer und Einhard Bezzel: Handbuch der Vögel Mitteleuropas. Band 4, 2. Aufl., AULA-Verlag, Wiesbaden 1989, ISBN 3-89104-460-7. 
  • Theodor Mebs und Daniel Schmidt: Die Greifvögel Europas, Nordafrikas und Vorderasiens. Franckh-Kosmos, Stuttgart 2006, ISBN 3-440-09585-1.
  • Derek A. Ratcliffe: The Peregrine Falcon. Second Edition. Poyser, London 1993, ISBN 0-85661-060-7.

Эх сурвалж

  1. Alerstam, T. (1987) Radar Observations of the Stoop of the Peregrine Falcon Falco Peregrinus and the Goshawk Accipiter Gentilis. Ibis, 129, 267-273. - References – Scientific Research Publishing.
  2. Artikel in der Thüringischen Landeszeitung vom 12. Juni 2016
  3. Wanderfalke im Sturzflug: Überraschung und Geschwindigkeit.
  4. meinbezirk.at: Der schnellste Vogel der Welt - der Wanderfalke.
  5. Altenkamp et al. 2001
  6. G. Speer & P. Wolf: Wanderfalkenterzel wird fast 18 Jahre alt. Ornithologische Mitteilungen 54, 2002: S. 444–446

Хамгийн их уншсан өгүүллэг